-1

НЭН ХОВОР АМЬТНЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АГНАСАН, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХАДГАЛСАН ҮЙЛДЛИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО.

2023-03-20 11:38:20    |   127

    Иргэн Ө нь 2021 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хайрхан хад” гэх газар нэн ховор амьтан болох 1 тооны цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, түүний түүхий эд болох арьсыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

    Прокуророос Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

   Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “нэн ховор амьтан\" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг ойлгохоор,

   Мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  цоохор ирвэс нь нэн ховор амьтанд хамаарах бөгөөд 7.2, 7.3-т зааснаар “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд үүнээс бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг” хоригложээ.

    Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө нь  2021 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн  нутаг дэвсгэр “Хайрхан хад” гэх газар нэн ховор амьтан болох 1 настай, эр цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр ИЖ-18М маркийн буугаар буудаж агнасан, тус ирвэсний арьсыг  хадгалсан үйл баримт тогтоогдсон, тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Б, гэрч О.Б, Н.Б, шинжээч Ц.Б, шүүгдэгч  Ө нарын мэдүүлэг, цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон улсын байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлт, ирвэсийг буудсан буунд хийсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

    Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээг 11,200,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар  амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр хуульчилсан. 

   Яллагдагч Ө нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 22,400,000 төгрөгийг төлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг  прокурорт гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

   Шүүгдэгч Ө-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

    Анхан шатны шүүх Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоохор ирвэсийн 1 ширхэг арьсыг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “ИЖ-18М” загварын буу 1 ширхгийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт  шилжүүлж шийдвэрлэсэн.  

 

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ

 

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой 

https://shuukh.mn/single_case/76580?daterange=2021-01-01%20-%202023-03-19&id=1&court_cat=2&bb=1 ЭНД ДАРЖ танилцана уу.

 

 

. . .