-1

ИРГЭД ГЭЭГДЭЛ БУЮУ САНАМСАРГҮЙ ОЛДСОН ЭД ХӨРӨНГИЙГ ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БУЮУ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ, ТУХАЙН ЭД ХӨРӨНГИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, ЭСХҮЛ ТЭДГЭЭР БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.

2023-03-14 10:18:43    |   127

    Иргэд гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

    Иргэн Ц нь гудамжнаас иргэн Н-ийн гээсэн Samsung-А72 загварын гар утсыг олж  түүнийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

    Прокуророос Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

    Эрүүгийн болон Иргэний хуулиудад “гээгдэл эд хөрөнгө” гэсэн нэр томьёо байдаг бөгөөд үүнд хүний ямар нэг оролцоогүй, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлдэг ойлголт билээ.

    Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, хохирогч Н нь Samsung-А72 загварын гар утсаа гудамжинд явж байхдаа гээсэн бөгөөд тухайн гар утсыг шүүгдэгч Ц нь гудамжнаас олж түүнийг ашиглаж, завшсан   үйл баримт хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Н гэрч Д, Т, Н. Х, шүүгдэгч  Ц нарын мэдүүлэг, тус гар утас нь 850,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдсон байна.

    Энэ тохиолдолд гээгдэл эд хөрөнгийн, өмчлөгч нь тодорхойгүй уг гар утасны талаар Ц нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “...тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно.  

    Анхан шатны шүүх Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр

 Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой

 

https://shuukh.mn/single_case/85613?daterange=2022-01-01%20-%202023-03-13&id=1&court_cat=2&bb=1 энд дарж танилцана уу.

. . .