ШҮҮХ ГЭР БҮЛИЙН МАРГААНД ЭХНЭР, НӨХРИЙГ ЭВЛЭРҮҮЛЭХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ҮҮРЭГТЭЙ ТУЛ ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ШИЙДВЭР ГАРГАХЫГ УРЬТАЛ БОЛГОХГҮЙ

Шүүгчийн захирамжийн дугаар: 2022.12.16 №223

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын дугаар 1, 2023.02.06

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Ц нь Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц нь “...Бид 16 жил хамт амьдарсан ч үр хүүхэдгүй гараагүй учир ах, эгчээсээ 20 хоногтой охиныг нь гуйж үрчилж авсан. Охиныг 4 нас хүрэхэд нөхөр Н гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж хамтран амьдрагчтай болсноор бид тус тусдаа амьдарч байна. Бид цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүх гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н-ийн гэр бүлийн харилцаанд дээр дурдсан ноцтой хохирол учирсан, учирч болзошгүй нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 Хураангуй бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.