-1

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХААС ТАТГАЛЗААГҮЙ БОЛ ПРОКУРОР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ

2023-05-09 16:51:02    |   138

   Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгчийн захирамж 2022/12/19 145/ШЗ2022/02252

Тоймын огноо, дугаар: 2023.05.09 №01

           Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

   Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г, Өвөрхангай аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн М нар иргэн Т-д холбогдуулан Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

  Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг/ бол төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж прокурор үздэг. Харин төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргахаас татгалзаагүй, нэхэмжлэл гаргах боломжтой байхад төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй.

Байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа бол төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг нэхэмжлэлд хавсаргах шаардлагатай, хэрэв итгэмжлэл олгоогүй бол тухайн байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв

. . .