Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн бол шийтгэл оногдуулахгүй

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШШ2024/0025

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

      Иргэн Б-ээс “И ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 2 өрөө байрыг 140.231.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан. Тус компаниас төлбөрийн баримтаа авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг тус аймгийн Татварын газарт гаргасан.

      Дээрх гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, И ХХК-ийг иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг И ХХК нь хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байна.

    Орон сууц захиалгаар бариулсан иргэн төлбөрөө төлсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд “И” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ.

     И ХХК нь дээрх хуулиар хүлээсэн төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасныг хариуцагч татварын улсын байцаагч нь шалган тогтоосон боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн тул шүүхээс шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

     Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 58 хоног байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд улсын байцаагч нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

      Гэтэл татварын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.  

 

Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг

 

 

 

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.