Гэр бүлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гэрлэгчдийн аль нэг нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121/ШШ2022/0002

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

          Б, Ч нар нь 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд эхнэр Ч нь 2019 онд барьсан байшингаа  үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж нөхөр болон өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан байна.

          Нөхөр Б нь “эхнэр Ч нь намайг мэдээгүй байхад миний гарын үсгийг дуурайлган зурж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа өөрийн нэрийг гэрчилгээнд хууль бусаар оруулсан, тухайн орон сууц нь миний хуваарьт хөрөнгө юм. Улсын бүртгэгчийн хайхрамжгүй байдлаас энэ Ү-1005000066 дугаарын гэрчилгээг олгосон нь хууль бус” гэж шүүхэд маргасан.    

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно гэж тус тус заажээ.

            Иймээс гэр бүл байх хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад эхнэр, нөхрийн аль нэг нь хүсэлт, бичиг баримтаа бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй тул эхнэр Ч нь хүсэлт, бичиг баримтаа бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн байна.  

 

Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.