-1

ХӨДӨЛМӨРЛӨХ ХАРИЛЦААТАЙ ХОЛБОГДОХ ГЭРЭЭ, ХЭЛЦЭЛ БАЙГУУЛААГҮЙ БОЛ ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ШААРДАХ ЭРХГҮЙ

2023-02-16 09:48:40    |   133

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн  №250 дугаар шийдвэр.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тойм 2. 2022.02.14

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Ц, Д нар нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 92 сарын хөдөлмөрийн хөлс болох 77280000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нар УИХ болон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх ямар ч ажил хийгээгүй байж цалин авч байгаа нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, хүн бүр ажлаа чөлөөтэй сонгох, ажилгүйдлээс хамгаалуулах, алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан авах эрхтэй” гэж тайлбарлажээ. 

Хариуцагч “...Ц, Д нарын хүсэлтээр Сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгийн зээлийг өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зээлүүлсэн. Зээлийн гэрээнд хөлс урамшуулал олгохоор тохироогүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Иргэн Ц, Д нар нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Сум хөгжүүлэх сантай 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 8000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр авч, фермерийн аж ахуй эрхлэх зориулалтын дагуу зарцуулахаар харилцан тохиролцсон бөгөөд тэд мөнгийг зориулалтын дагуу ашиглах гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Харин Ц, Д нар нь сумын Засаг даргын Тамгын газартай ямар ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох /ажил гүйцэтгэх болон хөдөлмөрийн, хөлсөөр ажиллах/ гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй тул цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

https://shuukh.mn/single_case/119804?daterange=2022-05-13%20-%202022-05-13&id=1&court_cat=1&bb=1 Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос:

 

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа

 

. . .