Давж заалдах болон хяналтын журмаар хэрхэн гомдол гаргах вэ?
2020-04-22 08:28:01 | 145- Давж заалдах гомдол гаргах эрх хэдий үеэс үүсэх вэ?
Анхан шатны шүүх тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлээд гарсан шийдвэрээ танилцуулан сонсгомогц шүүхийн шийдвэр хүчинтэй болно. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Шүүх хуралдаанд оролцсон зохигч /нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч/ дээрх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Зохигч хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно.
Шүүхийн шийдвэрийг ийнхүү гардан авснаар таны давж заалдах гомдол гаргах эрх үүснэ. Хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. Дээрх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд та гомдол гаргах эрхээ алдана. Хэрэв та гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлэх үүрэгтэй.
2.Давж заалдах гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч /нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргах бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй. Мөн уг гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах зүйлийг заана.
Гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа- Гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
3. Аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа; - Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
- Гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй.
3.Давж заалдах гомдлыг хэн хүлээн авах вэ?
Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулах бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ. Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.
Хяналтын журмаар гомдол гаргах
1.Хяналтын журмаар гомдол гаргах эрх хэдий үеэс үүсэх вэ?
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.
2.Хяналтын журмаар гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?
Зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана. Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг нь гомдолд хавсаргаж ирүүлнэ. Гомдлын агуулга, хэлбэр нь давж заалдах гомдол гаргахтай адил байна.
- Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэн хүлээн авах вэ?
Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна. Тэдгээр нь гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.
Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаар ямар үр дагавар гарах вэ
Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол хэрхэн гаргах вэ?
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлээд гаргасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна. Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэх бөгөөд тус хуралдааны тогтоол эцсийнх байна.
Хэрэв Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
/Эрүүгийн хэрэгт/
ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ:
- Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх хэдий үеэс үүсэх вэ?
Анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан шүүхийн тогтоол /шийтгэх, цагаатгах/ танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхийн тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж хэргийн оролцогчдод гардуулна.
Шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно.
Шүүхийн тогтоолыг ийнхүү гардан авснаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх үүснэ.
Хуульд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
Дээрх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд та гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхээ алдана.
Хэрэв давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болох бөгөөд уг асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
2. Давж заалдах гомдлыг хэн, хаана гаргах вэ?
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол эрхтэй.
Давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.
3. Давж заалдах гомдлыг хэн хүлээн авах вэ?
Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээдэд танилцуулах эдгээр оролцогчид нь гомдол, эсэргүүцэлд тайлбар өгөх эрхтэй.
Анхан шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэл, тэдгээрт өгсөн тайлбарыг хэргийн материалын хамт гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй, хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.
ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ:
Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих үндэслэл
Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргаж, эсэргүүцэл бичнэ.
2. Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх хэдий үеэс үүсэх вэ?
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болно.
3. Хяналтын журмаар гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?
Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Хяналтын шатны шүүхэд \"шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч” нь зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан гомдол гаргадаг онцлогтой.
4. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэн хүлээн авах вэ?
Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээдэд танилцуулна. Тэдгээр нь гомдол, эсэргүүцэлд тайлбар өгөх эрхтэй.
Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх хэрэгт гомдол, эсэргүүцэл, түүнд өгсөн тайлбарыг хавсарган, 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй, хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.
Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаар ямар үр дагавар гарах вэ?
Давж заалдах журмаар гаргасан гомдолд:
Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй. Хяналтын журмаар гаргасан гомдолд:
Анхан шатны шүүхийн тогтоол, магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тэдгээр тогтоол, магадлалын биелэлт түдгэлзэнэ.
Гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээбуцаан авч болно.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ГОМДОЛ ГАРГАХ:
Хяналтын шатны шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл \"ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээд” уг тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана. Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдол, эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээдэд бичгээр хариу өгнө