ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ТОГТООЛ БАЙГАА БОЛ ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА.
2023-06-02 16:36:24 | 162САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 204/МА2023/00001
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 01 сарын 04-ний өдөр
Нэхэмжлэгч: “Ш Б” ХХК, иргэн О.Б
Хариуцагч: иргэн Р.Э
Шүүхийн шийдвэр: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүй.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Маргааны төрөл: Түрээсийг төлбөр буюу гэрээний үүргийн биелэлтэй холбоотой маргаан
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “ШБ” ХХК, О.Б нар хариуцагч Р.Э-ээс түрээсийн гэрээний төлбөрт 6.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Э-ээс 6500000 төгрөгийг гаргуулан “ШБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь урьд энэ талаарх маргаанд хариуцагчаар оролцож түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6500000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Уг маргааныг Улсын Дээд Шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэжээ. Тухайн үед давж заалдах шатны шүүх “6500000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэй” гэснийг хяналтын шатны шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 176.4.-т “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна...” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нар нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүхээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын... талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Р.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргавал шүүх түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 174 дүгээр зүйлийн 176.4.-т зааснаар хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч “ШБ” ХХК, О.Б нарын гомдлыг Монгол улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд магадлалыг хэвээр үлдээсэн.
Шүүхийн шийдвэр магадлалыг бүтнээр нь үзэх цахим холбоос: https//shuukh.mn
Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж