4.1.Шүүх дараах эрхэм зорилготой байна:
4.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах;
4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх;
4.1.3.хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх;
4.1.4.шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах.
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАС...
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АНХАН ШАТНЫ ШҮҮХ
30 дугаар зүйл.Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх
30.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.
30.2.Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.
30.3.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно.
30.4.Энэ хуулийн 30.3-т заасан танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.
30.5.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална.
30.6.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.6.1.хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
30.6.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;
30.6.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
17 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
17.1.Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх;
17.1.2.энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;
17.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих;
17.1.5.шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;
17.1.6.танхимын тэргүүний ажлыг уялдуулах;
17.1.7.шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх;
17.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
17.2.Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй.
17.3.Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
16 дугаар зүйл.Шүүгчийн нийтлэг бүрэн эрх
16.1.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.шүүх хуралдааныг даргалах;
16.1.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох;
16.1.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах;
16.1.4.хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох;
16.1.5.хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;
16.1.6.шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах;
16.1.7.энэ хуулийн 20.1-д заасан Нийт шүүгчийн чуулганд оролцох;
16.1.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;
16.1.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;
16.1.10.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх;
16.1.11.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;
16.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.
16.2.Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
16.3.Шүүгч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх, эх хувиар авсан баримт бичгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.
19 дүгээр зүйл.Шүүгчдийн зөвлөгөөн
19.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана.
19.2.Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
19.2.1.тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох;
19.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;
19.2.3.шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа энэ хуулийн 24.1-д заасан Хүрээлэнд хүргүүлэх;
19.2.4.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох;
19.2.5.энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;
19.2.6.энэ хуулийн 17.1.7-д заасан мэдээлэлтэй танилцах;
19.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
19.3.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана:
19.3.1.шүүх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх;
19.3.2.цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.
19.4.Энэ хуулийн 19.2.5-д заасан журам олон нийтэд нээлттэй байна.
19.5.Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус зөвлөгөөнийг тухайн шүүхийн шүүгчдийн гуравны нэг, эсхүл танхим, эсхүл Ерөнхий шүүгчийн саналаар хуралдуулна.
19.6.Шүүгч Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах, санал гаргах, хуралдаанд оролцох тэгш боломжоор хангагдах бөгөөд шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, шуурхай, үндэслэл бүхий байна.
19.7.Зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.
19.8.Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.