Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зорилт нь эрхзүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах эрхзүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Эвлэрүүлэн зуучлалыг Иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэхээр хуульчилсан. Бусад харилцаанаас үүссэн маргаанд хуульд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно. Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтанд байдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тохиолдолд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хүчирхийлэлгүй тохиолдолд гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эвлэрүүлэн зуучлалаар заавал орж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэнэ. Энэ ажиллагааны үр дүнд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүхээр гэрлэлт цуцлах эсэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг юм. Иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд бол тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу, шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь:

– Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ.

– Эвлэрүүлэн зуучлагч нь уг ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгална.

– Эвлэрүүлэн зуучлагч нь төвийг сахисан байр суурьтай байна.

– Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчмуудад тулгуурлана.

Уг ажиллагаа нь шүүхийн ажиллагаатай харьцуулахад нэлээд хялбар, олон давуу талтай. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгосноор маргааны талуудын хувьд зардал мөнгө хэмнэнэ, цаг хугацаа хэмнэнэ, талуудын найрсаг харилцаа хэвээр үлдэнэ, уг ажиллагаа хаалттай явагданагэх мэт олон эерэг үр дагавартай. Мөн эцсийн үр дүн нь шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх боломжтой байдаг. Зардал хэмнэнэ гэдэг нь маргааны төрлөөс хамаарахгүйгээр 30000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө. Энэ нь хэдэн ч төгрөгийн үнийн дүнтэй өргөдөл гаргасан 30000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэсэн үг юм. Мөн өмгөөлөгч авах, шинжээч томилуулах, гэрч асуулгах гэх мэт зардлуудаас хөнгөлөгдөх боломжтой. Цаг хугацааны хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн хугацаа нь 30 хоног байна. Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлалд хэрэг ирсэн тохиолдолд энэ ажиллагааны хугацааг ИХШХШТХ-д заасан хугацааны дотор буюу 60 хоногийн дотор уг ажиллагааг явуулахаар хуульчилсан. Шүүхэд хандсан тохиолдолд 60 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

Аливаа эрхзүйн маргаан төрөл садан, найз нөхдийн хооронд үүсэх тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлбэл хэн хэн нь сэтгэл хангалуун байж маргааны талуудын найрсаг харилцаа хэвээр үлдэх сайн талтай. Маргалдагч талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулна. Уг гэрээг хууль зөрчөөгүй тохиолдолд шүүгч баталгаажуулж захирамж гаргана. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд уг асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй. Шүүгчийн захирамж нь шүүхийн эцсийн шийдвэр болдог. Гэхдээ тохирсон хугацаандаа тохирсон байдлаараа мөнгө төгрөг, гэрээний зүйлээ өгч авалцахгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх боломжтой. Эцэст нь хэлэхэд амьдралд гарч байгаа эрхзүйн бүх маргааныг шүүхээр шийдүүлэхгүйгээр эвлэрүүлэн зуучлалд хандсанаар дээр дурьдсан тодорхой төрлийн маргаануудыг эвийн журмаар богино хугацаанд зардал багатайгаар шийдүүлэх боломжтой боллоо. Иймд иргэд маань эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлэх нь танд ашигтай гэдгийг зөвлөе.

Иргэн та эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдүүлэхийг хүсч байгаа бол шүүхийн мэдээлэл лавланааны ажилтнаас болон эвлэрүүлэн зуучлагчийн 70323808  дугаарын утаснаас лавлагаа авна уу.