Монгол Улсын Их хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”-ийг батлан, “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо батлах тухай” тогтоол гаргасан байна. Мөн “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх, ерөнхий шүүгчийн бүрэн эрх, уг дагнасан шүүхийн бүрэн эрхийн асуудлаар зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдах  эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Ийнхүү 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт Захиргааны хэргийн дагнасан шүүх анх байгуулагдаж байсан түүхтэй.

Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх 2008 онд улсын хэмжээнд “Хамгийн сайн менежменттэй шүүх”-ээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байсан болно. Шинэ тутам байгуулагдсан энэхүү Захиргааны хэргийн дагнасан шүүхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, ойлгуулах ажлыг ихээхэн цар хүрээтэй хийж байсан ерөнхий шүүгч Б.Баасанхүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Ц.Нэргүй нарын санаачлагатай, бүтээлч ажлын үр дүн юм.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их хурлаар 2013 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн      Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийг Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх болгон өөрчлөн байгуулсан.

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болгон нэршлийн хувьд дахин өөрчилсөн ба Өвөрхангай аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг  харьяалан захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байна.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Нэргүй, шүүгчээр Б.Сугар, Б.Батчимэг нар ажиллаж байна.