БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулж, түр хороог батлан, аймгийн анхны даргаар Г.Ёндонг томилсон байна.

Аймгийн анх дугаар их хурал 1931 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж Өвөрхангай аймгийн шүүхийг байгуулах шийдвэр гаргаж, тус хурлаар шүүхийн бүтэц, орон тоог баталж, шүүхийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, шүүхийн байцаагч, галч гэсэн 5 орон тоотойгоор байгуулсан билээ.

Аймгийн шүүхийн анхны даргаар Цэцэрлэг мандал уулын аймгийн даргаар ажиллаж байсан Ч.Чойдогсүрэн томилогдсон байна.

Энэ үеэс Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн түүх эхэлж, эдүгээ 85 жилийн ойтойгоо золгож байна.

1940 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд шүүхийн систем, шүүн таслах ажиллагааны ардчилсан зарчмууд хуульчлагдан баталгаажиж, сумын захиргаадыг шүүн таслах ажлаас чөлөөлж, шүүн таслах ажиллагааг зөвхөн мэргэжлийн шүүн таслах газрууд эрхлэн гүйцэтгэх болсон.

1960 оноос хойш шүүхүүдийн материаллаг бааз, эдийн засгийн хүчин чадал сайжирч ирсэн байна.  1966 онд Улсын Дээд Шүүхээс /хойшид УДШ гэх/ манай аймгийн шүүхэд Б-69 маркын авто машин өгснөөр анх удаа өөрийн гэсэн унаатай болжээ. 1976-1978 онд Аймгийн шүүхийн конторын барилгыг барьж ашиглалтанд оруулснаар Өвөрхангай аймгийн шүүх улсын хэмжээнд хамгийн түрүүнд зориулалтын шүүхийн байртай болсон түүхтэй. Энэ үед Шүүхийн даргаар ажиллаж байсан Г.Даваагийн ихээхэн хөөцөлдлөгөө, нэр хүнд нөлөөлсөн гэдэг.

1970-аад оны сүүл үеэс шүүхийн байгууллага хөгжлийн шинэ үе шатанд гарч, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж, дээд, дунд боловсролтой мэргэжлийн шүүгч нар ажиллаж эхэлсэн билээ.

Энэ үеэс эхлэн шүүхүүд гадаад орнуудаар аялах, бусад шүүхүүдээр явж туршлага судлах, тухайн шүүхийн тэргүүн туршлага, шинэ санаануудыг өөрийн шүүхийн ажилдаа нэвтрүүлэх,  шүүхийнхээ  ажлын ололт амжилтыг бусдад түгээх ажлыг ихээхэн эрчимтэй хийж хэвшсэн байна.

Манай Өвөрхангай аймгийн шүүх 1981, 1982, 1983, 1984, 1985 онуудад дараалан шүүн таслах болон бусад ажлаараа улсын хэмжээнд тэргүүлж байсан гавьяатай. Энэхүү амжилтыг аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас сайшаан өндрөөр үнэлж аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж, гэрчилгээ олгож мөнхөлсөн юм.

Ийнхүү УДШ-ээс Өвөрхангай аймгийн шүүхийн туршлага судлах, тэргүүн туршлагыг аймаг, нийслэлийн бүх шүүхүүдэд нэвтрүүлэх зорилготой үзүүлэх сургуулийг Өвөрхангай аймгийн шүүх дээр 1985 онд зохион байгуулсан байна. Энэ нь манай аймгийн шүүхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн үе юм. Уг үзүүлэх сургуульд УДШ-ийн дарга Д.Чимид болон УДШ-ийн Эрүү, Иргэний коллегийн гишүүд, МУИС-ийн Хуулийн салбарын багш нар, аймаг, хот, нийслэлийн шүүхийн дарга нарын зэрэг 60 гаруй хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү Өвөрхангай аймгийн шүүхийн түүхэн амжилт, ололт бол тухайн үед Аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан Д.Ваанчигийн удирдан зохион байгуулах авьяас, чадвар, ажлын арвин баялаг туршлага, шүүхийн хамт олны нөр их хичээл зүтгэлийн үр дүн болно.

Монгол оронд өрнөсөн цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үрээр Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ардчилсан шинэ Үндсэн хууль  батлагдан тус улсад засаглал хуваах онолын дагуу төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд тэнцвэртэй хуваарилах зарчмыг Үндсэн хуулиндаа тунхаглан баталгаажуулж өгсөн. Ийнхүү Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү хараат бус, бие даасан шүүх хэрэгжүүлэх болсон юм.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 6-р сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хууль”-аар Өвөрхангай аймгийн шүүхийг шинэчлэн байгуулж, түүний харьяанд Өвөрхангай аймгийн бүх сумдыг харьяалуулан байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 22 дугаар зарлигаар Өвөрхангай аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр П.Адьяасүрэн, аймгийн шүүхийн шүүгчээр Г.Адьяатогтох, Ш.Алтанцэцэг, Ц.Дашням нар тус тус томилогдон байна.

Энэ үеэс Ардчилсан Үндсэн хуулийн дагуу шүүхийн шинэчлэл эрчимтэй өрнөж, шүүхүүд цоо шинэ тогтолцоонд орсон ба Өвөрхангай аймгийн шүүхийн шинэчлэлийн багийг Аймгийн шүүхийн ерөнхий шүүгч П.Адьяасүрэн чадварлаг удирдсан юм. Ийнхүү Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, ажилтнууд мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд өсөн дэвшиж гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан болно.

1997 онд Монгол улсын нийт шүүгч нарын хэмжээнд хийгдсэн мэргэжлийн түвшингийн  улсын үзлэгээр манай аймгийн шүүгч нар улсын хэмжээнд 2-р байранд орж, мэргэжил, ур чадвараараа гайхуулж байлаа.

Дэлхийн мэдээлэл технолгийн хөгжилтэй УДШ төдийгүй хөдөө орон нутгийн шүүхүүд хөл нийлүүлэн алхах үе эхэлсэн юм. АНУ-ын “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 2003 онд улсын хэмжээнд Өвөрхангай аймгийн шүүх, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1, 2 дугаар шүүхийг компьютер, техник хэрэгслээр бүрэн хангаж өгсөн билээ.

Монгол улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлалыг манай аймгийн шүүх амжилттай хэрэгжүүлэн Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрөөс зарласан уралдаанд 2005 онд бүх шүүхүүдээс тэргүүлэн 1800 ам.долларын техник хэрэгсэл худалдан авах эрхийн бичгээр шагнагдаж байсан түүхтэй.

Улс орны нийгэм, эдийн засаг болоод бусад бүхий л салбарын хүрээнд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, хөгжил дэвшил, эрх зүйн хөгжлийн орчин цагийн нийтлэг жишиг, шинэ үзэл, сэтгэлгээ, хандлагад нийцүүлэн шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэлийг шинэ шатанд гаргах бодит шаардлага бий болсон.

Мөн 2002 оны Шүүхийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт дутмаг болох нь алхам тутамд мэдрэгдэж ирсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оноос шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчилал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны чухал баталгаа болсон шүүхийн үйл ажиллагааг чадавхижуулах, боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг шүүх эрх мэдлийн салбарт шинэчлэл хийх, энэ хүрээнд шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэхэд чиглэгдсэн багц хуулийн төслүүд санаачилж УИХ-д өргөн барьснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Шүүхийн тухай багц хууль”-ийг хэлэлцэн баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн билээ.

“Шүүхийн тухай багц хууль”-ийн үзэл баримтлал нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг тууштай хөгжүүлэх, шүүхийн шударга, хариуцлагатай, бие даасан, нээлттэй, ил тод байдлыг зохистой хангах, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, хамгаалахад чиглэгдсэн юм. Энэхүү шүүхийн шинэтгэлийн амин судас нь шүүхийн эрх зүйн шинэтгэл байсан болно.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аар 2013 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тус тус байгуулсан билээ. Ийнхүү Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн Эрдэнэсант сумыг харьяалсан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх анх байгуулагдсан юм.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр  Д.Эрдэнэбилэг, шүүгчээр С.Өсөхбаяр, Н.Гачмаа, М.Мөнхдаваа  нар, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр Т.Даваасүрэн, шүүгчээр Г.Адьяатогтох, Г.Уламбаяр, Л.Нямдорж нар тус тус томилогдон ажиллажээ.

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх,  Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэршлийн хувьд өөрчилж, Төв аймгийн Эрдэнэсант сумыг харьяаллаас нь гаргасан байна.

Шүүх  байгуулах  тухай  хуульд өөрчлөлт оруулах  тухай  хуулийн дагуу 2016 оны 06  дугаар  сарын 01-ний өдрөөс  эхлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлаж байсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд тус тусын аймагтаа байрлан шүүн таслах ажлаа хэрэгжүүлэх болсон юм.

Манай Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан болно. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Эрдэнэбилэг, шүүгчээр  Л.Нямдорж, Н.Энхмаа нар ажиллаж байна.